《INFERNO: Destruction [Completed]》[1.1] Шинэ ертѳнц
Advertisement
Дэлхийг аймшигт сүйрэл мөргөж, тэнгэр газар хоорондоо нийлж, тэнэг хүмүүнийг сэнхрүүлсэн тэр явдал тохиохуй энэ үед би хорин дөрвөн нас хүрч байлаа. Мөрөө даваад дөнгөж л дал шүргэх тайрмал шулуун хар үсээ салхинд хийсгэж дэрвэсэн, мөнгөн сар мэлтийж харагдмаар тунгалаг бор нүдээрээ өнгөт ертөнцийг бахдан ширтэж, дун цагаан, зураг зурахад өөрсдийгөө бүрэн дайчилдаг юунаас ч эрхэмлэдэг хоёр гараараа үзэсгэлэнт бүхнийг цаасан дээр буулгадаг тийм л бүсгүй байв. Чимээ шуугиан, жижиг том маргаануудаар үл тасрах шар байшинд гэр бүл маань сайхан үлгэр бүрийн жаргалтай төгсгөл мэт амьдарч байлаа. Эцэг эх минь зургаан хүүхэд төрүүлж, энэ бие минь тэдний хамгийн том эгч.
Зураг зурах миний бүхэл амьдрал байсан гэвэл зохино. Бийр гартаа барьж, нийлүүрт будаг холиод нимгэн цаасан дээр зуран суух миний дээдийн жаргал байв. Ертөнц минь солонгот байсан сан. Одоо нүдэнд ертөнц гурван л өнгөнөөс үүтгэгдэх болсон нь хар болоод цагаан, тэдний хослол саарал. Би өөртөө өнгө нэмэхийг хичээсээр л... Мөрөөдлөө даган мөлхөж, тэмцсээр тэнцэж чадсан, өдгөө суралцаж буй Хундэ их сургуулийн дүрслэх урлагийн ангийг дүүргэхэд нэг сар л дутуу, жихүүн энэ л хаврыг давчихвал их сургуулийн диплом өвөртлөх байв. Энэ хүртэл л би энгийн болон тайван, аюулгүй гэсэн тодотголт шулуун зураасны дагуу огтхон ч хазайлгүй алхаж байсан юм. Гэтэл гэнэтхэн л шулуун зураас минь муруйж, хазайн, үүнээс үүссэн тахир тасалданги хэрчмүүд аюултай, эгэл бус гэсэн үгсийг л илтгэх болсон билээ.
Хундэд урлагийн чиглэлээр суралцагч бүх төгсөх оюутнууд их сургуулийнхаа сүүлчийн төсөлт хичээлээ Гванжуд хийхээр боллоо. Анги болгонд л нэг, нэг газар оноосон байсан ба уран зургийн ангийнхан Гванжугийн хамгийн алдартай сүм Хансио руу явна гэв. Хансио бол Солонгос даяар алдартай, ялангуяа зураачид дунд туйлын нэртэй сүм. Уг сүмийн хурц шовгор орой нарны туяанд гялтганан үзэгдэх нь үзэмж төгөлдөр, таазан дээрх уулс болон далайн хээг амьд мэт амилуулан зурсан нь хэн бүхний хараа булааж зүрх догдлуулнам. Сүмийг холоос үзэхүй сууж буй хүн сунасан урт шовгор малгай духдуулсан мэт үзэгддэг тул уран бүтээлч бүхэнд гайхам онгодыг дуудан авчирдаг гэгдэнэ. Эцэг эхдээ би Гванжу явна гэж шууд л хэлэхдээ, намайг зугаалгад явуулах туйлын дургүй ээж рүүгээ гуйсан бус шаардсан нүдээр ширтэхдээ, далавчаа ийн дэвнэ гэж бодохдоо сэтгэл хөөрнө гэж жигтэйхэн байсан сан. Догдлол цээжийг минь нэвчиж, уураг тархийг минь бүрхсээр урд шөнө нь олигтой унтаж ч чадалгүй баахан л хөрвөөв. Хурдхан л явах юмсан гэх бодол хамаг биеийг минь гижигдэнэ, загатнуулна. Аавын хувьд гэвэл тэр ээж нэгэнтээ л зөвшөөрсөн, түүнд ч эсэргүүцэх хүсэл огт төрөөгүй тул тэр өдрийн өглөө нь надад халаасандаа авч яв гэж хэдэн цаас сарвайж, болгоомжтой байхыг сайтар сануулан, хацар дээр нэг үнссэн билээ.
Advertisement
Уг хагас сайн өдрийн өглөө би сургуулийн зүг нүүр дүүрэн инээмсэглэлтэй цуг жирийж, том ногоон автобусанд бусадтайгаа уралдан суулаа. Доороос хайрах хүйтэн сандал дээр хойш налан, цонхоор хэсэг ширтээд даруй зүүрмэглэж, эцэстээ нам ч унтаад, нэг сэрэхнээ ирэх ёстой газраа, байрлах буудлынхаа гадна ирчихсэн байв. Дээд талын шүүгээнээс тээш гэж чирч ирсэн хоёр цүнхээ авч үүрээд, автобусны гурван өндөр шатаар болгоомжлон буухуй шинэ газрын цэнгэг агаар, загасны үнэртэй холилдон хамар цоргиулах ажээ. Бидний байрлах зочид буудал далайн эрэг дээр, сүм эндээс урд зүгт хоёр зуу гаруй метрийн цаана алхаад оччих зайд аж. Удирдаж явсан багш нар байшингуудад өөрсдөө хуваагдаж ороод, хүссэнээрээ тохиж гэж хэлэв. Би ч явсаар зүүн талаасаа гурав дахь байшинд ороод, тээшээ нэг ор луу нь шидэж орхиод шууд л тагтан дээр нь гарлаа.
Далайг олон удаа үзсэн, олон удаа хөвөөнд нь сууж, олон удаа зурж байсан ч үзсэн бүх далайнуудаас маань миний ширтэх энэ далай нэг тийм зэврүүн, туйлын тогтуун. Яагаад ч юм бэ нуруугаар хүйт даах мэт. Тэнгэр хэзээ ч муухайрахгүй мэт тийм л цэлмэг, агаар мандлыг нь шатаж буй бөмбөлөг нэвт зүсэж байна гэмээргүй цэв цэнхэр.
Сүйрэл нүүрлэсэн.
Хэзээ ч чи үүнийг үзэхийг хүсэхгүй, хэн ч үүний төлөө шунан дурлахгүй. Хэн ч тохионо гэж төсөөлөөгүй, хэн ч үүнийг ирж буйг мэдээгүй. Радиогоор анхааруулга хангинасангүй, түгшүүрийн улаан дохио түмнийг түгшээж цуурайтсангүй. Шарсан талх амандаа зуугаад, жазз хөгжимд найган байсан чиний дээрээс цөмийн бөмбөг дэлбэрэх мэт ээ.
Газар гэнэтхэн хүчтэй дайвалзав. Далайг аварга том шанагаар хутгах мэт догшрон цалгилж, уурссан давлагаа эрэг рүү хашхична. Хананд буй шүүгээнүүд, аяга шаазангууд газарт унаж, хавиралдан дуугарав. Ар нуруун дээр минь лагс хийтэл хүнд жингээр дарах шиг өвдөг өөрөө атиралдан би доош унав. Дэлхий сөнөж буй мэт... Дараа нь түргэхэн өндийж, гарын жижиг цүнхээ л шүүрээд, бусадтайгаа нийлэн байшингаас гарах гэж яаран гүйцгээсэн. Сандрал, айдас, үхэл л гэсэн бодлууд.
Багш нар хамтдаа дэлгүүр явцгааж, том болсон хүүхдүүдийг хүссэнээ хий гэж зөнд нь орхисон байлаа. Уулзах цагтаа л ирж байвал архи ууна уу, наадаж цэнгэнэ үү тэдэнд огт хамаагүй гэсэн юм. Хүүхдүүд харсан зүгтээ чавхдацгааж, амиа аргацаан хурдлаж, би далайгаас яг эсрэг зүг рүү чиглэн гүйв. Одоо далайгаас аль болох холдох л чухал. Үгүй бол лусын дагина болж үхнэ, эсвэл цогцосгүй оршуулгаа хийлгэнэ. Ямар ч хөгийн хувилбарт үхэх гэсэн ерөнхий агуулга байх болно. Хүчтэй чичирхийлэлд өртсөн байшингууд үйрч буй жигнэмэг шиг л хэмхэрч нурна. Хаашаа л толгойгоо эргүүлнэ нурж буй байшин, цуцаж буй хүмүүс. Үхлийн үнэр үзсэн бүхнээс минь нэвт ханхлана. Далайн давлагаа эрэг дэх байшингуудыг хэмх цохиж, хэдэнтээ залгин авч одов.
Advertisement
Чанх эсрэг зүгт гүйсээр би Гванжугийн төв зам руу даруй орлоо. Машин зам гэдсээ хүүлж үхсэн үхээрийн хүн шиг ангайчихсан, үүссэн том ангалд нь хүмүүс хөл алдан унацгаана. Хүмүүс машинаасаа буугаад урагшлан гүйнэ. Хүмүүс гараасаа хөтлөлцөөд урагшлан гүйнэ. Хүмүүс амьд үлдэх гэж урагшлан гүйнэ. Хүмүүс...Бүхнээс аймшигтай аюул бидэн лүү дөхөж байв. Бидний ард, бүхнийг залгихаар их усан ирж байлаа. Асар хүчтэй цунами амаа ангайсан аварга загас мэт айсуй. Замд нь таарсан бүхнээ ходоодондоо цутгаж, хэнийг ч үл өршөөх. Бурхны шийтгэл мэт энэ гай гамшиг.
Хүмүүс гүйж байсан, хүмүүс орилж байсан. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг. Гар гараасаа тас хөтлөлцөөд гүйнэ, газарт сөгдөөд гараа хавсран бурханд залбирна. Үхэл гэгчтэй эвлэрцгээсэн нь үнэнхүү тайван налайх хоосон тэнгэрийг ширтэн газарт сууна. Газар яг там шиг, тэнгэр диваажин шиг нь үзэн ядмаар. Нурж буй барилгад дарагдан, тэр доороос бусад руу гараа сунган тусламж дуудах хүмүүс, хөөсөн чихрээ алдахгүй гэсэндээ тас атгаад, бүдэрч унахдаа хүртэл чихрээ хамгаалах жаалууд, үе нь ѳвдѳн сѳхрѳн суух өтгөс хѳгшчүүл, аргаа барж үсээ зулгааж буй цэцэг шиг бүсгүйчүүл, айдастаа хэдийн залгиулаад орилж буй залуус... Толгой дайвалзана. Хэнгэрэг минь хагарсан мэт гэнэтхэн л эргэн тойрон аниргүй болж би гүйсээр гүйсээр шантрав. Сөхөрч суугаад, нулимсаа цувуулан, итгэлээ алдан үхнэ гэсэн бодолтойгоо эвлэрэв. Итгэл хүсэл нь агаарт шингэчихсэн би газарт шигдэн сууна. Сүүлчийн удаа хэмээн нүдээ нээхүй би тэднийг харав.
Хүүхдүүдээ тэвэрсээр гэрийнхээ зоорь луу яаравчлах эцэг эх. Надаас чанх зүүн тийш, зуу ч хүрэхгүй метрийн цаана, замын хажууд амьд үлдэнэ, аврагдана гэсэн итгэлээр зүрхээ тэжээн амь тэмцэн гүйж буй тэр гэр бүл. Хэд харайгаад л оччихмоор тийм ойрхон. Тэгээд зүрхэнд оч даруй ассан. Аврагдаж чадна гэсэн бодол цус минь гэнэт буцлах шиг над руу орилов.
- Хүлээгээч дээ!
Хоолойн чадлаа гарган тэдний зүг орилоод, хѳлѳѳ ѳргѳѳд л давж болох тэдний намхан цагаан хашааг гараараа тэгнэн үсэрч, даваад очлоо. Тэд бүрэн орж гүйцээд хаалга татах гэж байхад нь би амжин араас нь тонгойлоо. Цунами дайрахын даваан дээр ах намайг татан оруулж, зоорины хаалгыг даруй ард хааж, наагуур нь зузаан тѳмѳр хашлага ч татав. Гадна байсан модон хаалга үерлэх усанд хуу татуулан бяцарч, газар дээр байх байшингууд давлагаанд цохигдон хэмхрэх нь чихнээ тод. Хар няр хийх чимээ.
Чимээнээс л нүдэнд тод дүрслэгдэн, бүтэн биеэрээ дагжин чичирч, шүд маань хоорондоо ташигдсаар би хана налаад, биеэ хумин өөрийгөө тайвшруулж нүдээ анив. Гэр бүл минь. Тэд минь яасан бол? Зүгээр болов уу?
Сүйрэл намдтал, эвдрэх чимээ үгүй болтол бид хөлөө тэвэрцгээж харанхуйд сууцгаасан юм. Гэрэл үгүй зооринд хамт амьд үлдэгсэдтэйгээ харанхуйг тэмтэрч, хяхтнах чимээг зүрхээ даран суун, тэр зуур хэчнээн мянган бодол тархинд минь жирэлзэнэ. Хагас цаг хэртэй болсны дараа орчны чимээ намдав. Бүр огт чимээгүй болсон, оршуулгын газраас ч дор.
Хэн нэгэн нь өндийж, ямар нэг зүйлтэй ноцолдон, төмөр хооронд хавиралдуулан, хяхтнуулсаар энэ зооринд бүдэгхэн гэрэл пис пас хийн дуугаргасаар асаав. Үзэгдэх орчин энэ үед л тод болж, нүднээ би гэр бүлийн гишүүдийг харлаа. Надаас тийм ч холгүй онигор нүдтэй, урт хар үстэй, цэцгэн хээтэй зуны хувцас ѳмссѳн, гуч шүргэж яваа нэгэн эгч хүү, охин хоёроо цээжиндээ наасаар сууна. Охин нь арван хэдтэй, хүү нь бүр нялх амьтан, өмссөн цэнхэр өмд нь нойтогносоноос үзвэл айсандаа шээчихсэн аж. Тэд намайг сая л харсан тул гайхангуй ширтэж, харин би хариу инээмсэглэх аядав. Энэ зоорь байр гэгдэж ч болохуйц бөгөөд агааржуулагч системтэй, цорготой, бүр угаалгын ѳрѳѳ ч ил үзэгдэнэ. Урьд нь манай гэрийнхэн амьдарч байсан жижигхэн байр шиг л тохитой аж. Нѳѳц цахилгаан үүсгэврийн тэмдэг байхыг бодвол, энэ дотроосоо цахилгаанаар ажиллаж буй.
Гэрийн эзэн буюу намайг татан оруулсан ах цаад захад буй хѳргѳгчѳѳ онгойлгон гурван нэрсний ундаа гаргаж ирээд эхнэртээ эхлээд нэгийг нь өгч, дараа нь над руу нэгийг нь сунгав. Буцаж эргэн эхнэрийнхээ нурууг дуугүйхэн илэн, духан дээр нь нэг үнсэв, охиноо ч үнсэв, хүүгээ ч үнсэв. Тэр туранхай биетэй, халимаг бордуу үстэй, дулаахан царайтай, мөн л гуч эргэм насны ажээ. Би нэрсний ундааг гүд гүд хийн залгилаад, юу ч хэлэхгүй суусаар буйдаа санаа зовж хэлээ хүчлэн урагш түлхээд буцаж татан,
- Баярлалаа гэж хэлээд толгойгоо мөн бөхийлгөв. Тэд урдаас минь хариу толгой дохиод аядуу инээмсэглэх нь тэднийг хангалттай сайн хүмүүс гэдгийг илэрхийлнэ. Би нэрсний шилийг хөлийнхөө хажууд тавиад нүдээ анилаа. Тайвшрах гэж л ядаж буй минь энэ. Би үхлээс аврагджээ.
Advertisement
- In Serial53 Chapters
What is god to a non believer
Reincarnated as Godzilla. Cultivation world, monsters, angry GOD, god and many others. King of the Monsters vs all. PS: Sorry for any mistakes I make. English is not my language. I am still learning. I do not own any pictures I will post here
8 128 - In Serial57 Chapters
Blackwood Company (A novel of grimdark sword and sorcery)
Sorela, a frustrated court wizard, is tasked with finding her High Lord’s son who went missing in a border skirmish near the cursed forest known as the Blackwood, or else he will go to war with his perceived enemies. As a mage, Sorela must support a higher ideal, and prevent this war from happening. To confound her troubles, Sorela's wool-brained handmaiden, Leisa, has insisted she come along as part of her trials, so that she may prove she deserves admittance to the Mage Academy and tutelage under Sorela in the immediate future. Against the mage's better judgment, she allows the girl to accompany her on this most important quest, as she and her lord's Captain Commander set out in secrecy with a band of barely trained boys. What’s missing from Sorela’s company are swords with experience. That’s where the questionable travelers come into the fold… Blackwood Company is a completed short novel of approximately 42,000 words/168 pages. I will be releasing a chapter daily.
8 302 - In Serial77 Chapters
Theurgy: The Journey's Dawn (Book One)
#1 THEURGY SERIES Lyse Opal, a born simple farmer who grew up in a small village of one of the most powerful empires of the world. One that had stayed in peace, recently disturbed. Of many things, he wanted to preserve this peace, become someone to inspire others, like the heroes he is told. To become a legend. Something that he wanted and Fate intended to exploit. In this age of monsters who lurk the lands, and those with the ability to change their forms and live among humans, his path has been directed, and he must rise even higher than legend if he wishes to save his family, his country and himself from a disastrous foe who threatens the stability of the world order with the power of ancient gods. In his journey to collect several ancient gems, he must oppose the dark power of an ancient, mysterious guild, summon the powers of divinity and defeat the immortal foe before all chaos breaks throughout the empire, and possibly the very corners of the world.
8 338 - In Serial62 Chapters
The Age of Heroes AU
The Multiverse is in constant danger Lucky a new Dawn is upon it as The Age of Heroes Begins. Takes place on Earth 4
8 170 - In Serial24 Chapters
Xeno on Planet Erde
*I was a on a hiatus but I am back! Chapters will start coming again!* It should have been a simple trip to Europa, the ice moon of Jupiter. Go to Europa. Establish a research station. Maintain the robots to search for life under the ice. Instead, I think we have shot way off course. Nope, we definitely shot way off course. There is no way I should be able to breath on this planet. Actually, there shouldn't be trees here. And why am I naked? Captain Lindsey Shin was selected to establish a research station on a ice moon. He instead finds himself on a planet with no idea where Earth is and now needs to find his brother and sister-in-law on a planet where magic runs wild and humans do not exist. A world of beastmen, elves, daimons and daemons. Oh and the main character is slightly insane? The narrative is mostly first-person. A lot of vulgar language and cussing is to be expected.
8 185 - In Serial11 Chapters
【Super Paper Dimentio: Swap AU】 (SPM AU)
"The pure hearts are close in our grasp.. Lets keep going to find the- ...Dimentio? Are you ok?""..."......Dimentio finds himself needing to find the Pure Hearts to stop Count Timpani and her team from destroying the worlds and remaking them to their own world, but will he be able to do it with Blumiere- the Pixl of who he is by his side?(SUPER PAPER MARIO™ belongs to Entertainment System and Nintendo! I DO NOT own the characters, the Paper Mario series itself, and the game AT ALL.)
8 119

